Санхүүгийн
зохицуулах хорооны 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 210 дугаар тогтоолын
хавсралт
МОНГОЛЫН
КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН КОДЕКС
УДИРТГАЛ
Зах
зээлийн эдийн засгийн тогтолцооны тогтвортой байдал, хөгжлийн түвшинд түүний
суурь харилцаанд голлон оролцогч ашгийн төлөө хуулийн этгээдүүдийн үйл
ажиллагааны тогтвортой байдал ихээхэн нөлөөлдөг. Ашгийн төлөө, бизнесийн үйл
ажиллагаа явуулах бүтэц, зохион байгуулалтын олон төрөл, хэлбэр байдаг ч
тэдгээрийн дотроос хамгийн өргөн хэрэглэгддэг нь компанийн бүтэц зохион
байгуулалт билээ.
Манай
улсын тухайд компанийн эрх зүйн зохицуулалт бий болгож улмаар ард иргэд маань
компанийн бүтэц зохион байгуулалтын хэлбэрт тулгуурлан бизнесийн үйл ажиллагаа
явуулж эхлээд төдий л удаагүй, бидний хуримтлуулсан туршлага ч зарим тохиолдолд
хангалтгүй байгаагаас алдах эндэх нь их, компанийн бүтцийг үр дүнтэйгээр
хэрэглэж чадахгүй байна.
Нөгөө
талаас дэлхий дахинаа компанийн бүтэц зохион байгуулалт дан ганц эрх зүйн
зохицуулалтаас хэдийнээ хальж өдрөөс өдөрт улам нарийсан өөрийн гэсэн нийтлэг
зарчим, жишиг стандарттай болоод байгаа билээ. Тэдгээр зарчим, стандартууд нь
нийтлэг эрх зүйн зохицуулалтаас гадна амьдралд үр дүнгээ нотолсон зан заншлын,
ёс зүйн хэм хэмжээг агуулсан байдаг бөгөөд түүнийг “Компанийн засаглалын
кодекс” буюу компанийн удирдлага, зохион байгуулалтын зарчмууд гэж томьёолж
хэвшсэн байдаг.
Өнөөдрийн
байдлаар дэлхийн улс орнууд төдийгүй олон улсын байгууллагуудын хэмжээнд 1999
онд анх баталж, улмаар 2004 онд нэмэлт, өөрчлөлт оруулаад байгаа Эдийн засгийн
хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас баталсан “Компанийн засаглалын
зарчмууд”-ыг нэгэн дуугаар хүлээн зөвшөөрөөд байна.
Монгол
Улсын тухайд компанийн засаглалын талаар 2000 оны эхнээс түлхүү ярилцаж эхэлсэн
бөгөөд компанийн засаглалыг манай улсад хөгжүүлэх нь компаниудын ялангуяа үнэт
цаас нь нийтэд чөлөөтэй арилжаалагддаг хувьцаат компаниудын удирдлага, зохион
байгуулалтын тогтвортой бөгөөд зохистой ажиллагааны нөхцлийг бүрдүүлж, улмаар
хувьцаа эзэмшигчид болон компани хоорондын итгэлцэл хэвээр хадгалагдаж, тухайн
компанийн хөрөнгө оруулалт татах чадвар өсөн нэмэгдэх ач холбогдолтой. Эдгээр
нь улс орны нийгэм, эдийн засгийн макро түвшиний тогтвортой байдал, өсөлтийг
нөхцөлдүүлэх юм.
Тодруулбал,
компанийн засаглалын кодекс нь хөрөнгө оруулагчид, санхүүжүүлэгчид,
бизнесийн түншүүд, ажиллагсад зэрэг оролцогч талууд болон компанийн удирдлагын
ашиг сонирхлын нэгдлийн зохистой харьцааг тогтоож, компанийн үйл ажиллагааг
эрхлэн явуулах гадаад, дотоод таатай орчныг бий болгон, компанийн удирдлага
болох төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагааны зохистой
горимыг тогтоож өгдөг.
Дээр
дурдсанчлан компанийн засаглалын хөгжил, үр дүнтэй байдал нь эрх зүйн
зохицуулалтаас гадна компанийн зохистой засаглалын хэм хэмжээ тухайн нийгэмд
төлөвшсөн, нийтлэг зан заншил, оролцогчдын мэдлэг чадвар, туршлага болон
ухамсарын түшин хэр өндөр байгаа зэрэг олон хүчин зүйлээс хамаардаг байна.
Иймээс
энэхүү Монгол Улсын гэх Компанийн засаглалын кодексийг олон улсын хэмжээнд
мөрдөж буй нийтлэг зарчим болох Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн
байгууллагаас баталсан “Компанийн засаглалын зарчмууд”, Азийн хөгжлийн банк,
Европын сэргээн босголт, хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллагуудаас өгсөн
зөвлөмж, зөвлөгөө, дэлхийн бусад улс орны туршлага, өөрийн орны онцлог, бодит
нөхцөл байдал зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр боловсруулсан болно.
Энэхүү
кодексийг хувьцаа нь нийтэд чөлөөтэй арилжаалагддаг, нээллтэй буюу хувьцаат
компанид тухайлан зориулж боловсруулсан бөгөөд хязгаарлагдмал хариуцлагатай
компани болон бусад хуулийн этгээдийн тухайд өөрийн онцлогт тохируулан хэрэглэх
боломжтой юм.
Энэхүү
кодекс нь бүтцийн хувьд 10 бүлгээс бүрдэх бөгөөд агуулгын хувьд нийтлэгээр
мөрдвөл зохих зарчмуудаас гадна зохих заавар, зөвлөмж, тэдгээрийн тайлбарыг
багтаасан байгаа.
Манай
улсын компани бүр компанийн засаглалын зарчмуудыг үйл ажиллагаандаа хэвшил
болгож улмаар компанийн тогтвортой хөгжил, хөрөнгө оруулалтын таатай нөхцлийг
бүрдүүлэн, эдийн засгийн эргэлтийн хурд, хэр хэмжээ болон өсөлтийг ойрын
ирээдүйд бодитой хэмжээгээр нэмэгдүүлэх болтугай.
САНХҮҮГИЙН
ЗОХИЦУУЛАХ ХОРОО
No comments:
Post a Comment